Танд огт мэдэхгүй зээлийн муу түүх гарч ирж байсан уу?
Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байгаа бүх хүмүүсийн мэдээлэл “Монгол банкны зээлийн мэдээллийн сан”-руу илгээгдэх нь ойлгомжтой, үүнээс гадна лизингийн үйлчилгээ эрхэлж буй үүрэн холбооны компаниуд мөн мэдээллээ илгээдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Зээл авах хэрэгцээ шаардлага гарсан үед интернэт, интернэтийн төхөөрөмж болон утасны төлбөрийн үлдэгдэл мэдээллийн санд муу зээлээр бүртгэгдсэн байх тохиолдол цөөнгүй байдаг. Зарим хүмүүс энэ түүхээ хаанаас авсан, ямар зээлийн үлдэгдэл вэ? гэдгийг санахгүй тохиолдолч байдаг. Ингээд олон таамаг дэвшүүлж, байж болох зээл олгогч байгууллагуудаас асуух үе хүртэл гардаг.
Утас болон интернэтийн төхөөрөмжийн лизингийн зээл мэдээллийн санд шууд ордог бол, утас интернэтийн сар бүрийн хэрэглээний төлбөр зөвхөн хугацаа хэтрүүлсэн үед мэдээллийн санд ордог. Хэдийгээр төлбөрөө төлмөгч ангилал хэвийн болж байгаа боловч мэдээллийн санд энэхүү төлбөр харагдаж байна гэдэг нь хугацаагаа хэтрүүлсэн гэдгийг шууд илчилж байгаа юм. Энэ нь таныг зээл олгогч байгууллагын мэргэжилтэнд санхүүгийн чадвар дээр биш гэхэд хувь хүний хувьд хэнэггүй хүн байна гэж дүгнэхэд нөлөөлж болох юм.
Эдгээр муу зээлийн жижигхэн түүхүүд нь ихэвчлэн өмнө нь хэрэглэж байсан дугаараа нэр дээрээсээ шилжүүлэлгүйгээр хэн нэгэн хамаатны хүн, ах, эгч, дүү нартаа өгч, тэдгээр хүмүүс нь хэрэглэж байгаад төлбөрөө төлөлгүй орхих, хэн нэгэнд интернэтийн төхөөрөмжөө өгөх эсвэл нүүхдээ дараагийн айлдаа орхиж явах гэх мэт шалтгаантай байдаг. Зээл олгогч байгууллагууд ихэвчлэн эдгээр зээлийг муу зээлийн түүхээр тооцдоггүй, гэвч үлдэгдэлгүй болгох шаардлага тавьдаг тул та хэн нэгний хэрэглээний төлбөрийг өөрөө төлөхөд хүрээд зогсохгүй, жижиг боловч муу зээлийн түүхээр өөрийн зээлийн түүхээ баяжуулахад тийм ч таатай биш шүү дээ. Ийм учраас жижиг гэж орхигдуулалгүй өөрийн нэртэй хамааралтай төлбөр тооцоог сайтар хянаж байх нь таныг ирээдүйд тохиолдож болзошгүй таагүй байдлаас сэргийлэх болно.
Leave a Reply