Монгол банкны зээлийн мэдээллийн сан буюу Монгол банкны хар данс гэж юу вэ?
Энэхүү ойлголтыг зарим иргэд маань “Монгол банкны хар данс” хэмээн хүлээн авсан байдаг учир товчхон бөгөөд ойлгомжтойгоор тайлбарлая. Зээлээ хугацаандаа төлдөггүй зээлдэгч нарын хувьд энэхүү мэдээллийн сан нь найдваргүй зээлдэгч гэдгийг харуулж байгаа боловч, зээлээ хугацаандаа төлдөг зээлдэгч нарын хувьд зээл авч, төлж сурсан сахилга баттай харилцагч гэдгийг нотлон харуулдаг давуу талтай учир “Хар данс” гэж нэрлэх нь тохиромжгүй юм. Монгол банк зээлдэгчдийг найдвартай, найдваргүйгээр нь ангилдаггүй бөгөөд хар данс ч хөтөлдөггүй. Зээлийн мэдээллийн сан нь банк болон ББСБ-ууд, лизингийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын нийлүүлсэн мэдээлэл байдаг.
Хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй харилцагчид зээл олгохгүй байх нь зээл олгогч байгууллагуудын хувьд үндсэн шалгууруудын нэг байдгийг хүн болгон мэдэж байгаа боловч ямар тохиолдолд зээлийн ангилал буурдаг вэ гэдгийг сайн мэддэггүй байх талтай. Жишээлбэл: Зарим хүмүүсийн зээл хугацаанаасаа өмнө хаагдсан боловч зээлийн ангилал нь буурсан байдаг. Учрыг ойлгоогүй хүмүүс зээл олгогч байгууллагатайгаа маргаан үүсгэх нь бий. Бүх зээл олгогч байгууллагууд зээлээ хугацаанаасаа өмнө хаахыг зөвшөөрдөг ба хугацаагаа хойшлуулахыг зөвшөөрөхгүй. Энд сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу төлөх ёстой төлбөр ч хамаарна. Зээлдэгч зээлээ 12 сарын хугацаатай аваад 10 сарын дотор төлж барагдуулсан байсан ч сар бүрийн графикт төлөлтөө хугацаанаас хожуу төлж байсан л бол найдваргүй харилцагчийн тоонд орно. Учир нь зээл олгогч байгууллагууд монгол банкруу мэдээгээ явуулахдаа зээлийн ангилал бууруулах нөхцөлөө программчилж өгсөн байдаг. Уг зарчимаар программ автоматаар мэдээллийг илгээж байдаг ба мэдээгээ сард 1-2 удаа сарын дундуур болон сарын сүүлээр ихэвчлэн тохируулсан байдаг. Та тухайн өдрүүдээс өмнө зээлээ төлж төлбөрийн зөрчилгүй болсон бол таны ангилал буурахгүй ч зээл олгосон байгууллагынхаа хувьд та муу харилцагч болсон байдаг учир төлбөрийн хуваарийг мөрдөх нь хамгийн зөв сонголт юм.
Нэгэнт хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд орсон зээлтэй бол тухайн зээл нь хаагдсан өдрөөсөө эхлэн 6 жилийн турш Монгол банкны зээлийн мэдээллийн санд харагдах болно. Мөн зээлийн муу түүхийг засдаг гэсэн буруу ойлголт иргэдийн дунд их байдаг. Энэ нь худал мэдээлэл бөгөөд зөвхөн бүртгэлийн алдаа болон шүүх байгууллагын зүгээс Монгол банкинд үүрэг өгсөн тохиолдолд уг мэдээлэл харагдахгүй болох боломжтой юм.
Leave a Reply