Хувиараа бизнес эрхлэгч та орлогоо нотолж чадахгүй байна уу?
Зээлд авахыг хүссэн хүн бүрт орлогоо нотлох шаардлага гардаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн хувьд энэ нь харьцангуй хялбар бөгөөд хурууны хээгээ уншуулаад л орлогоо нотлон харуулж байгаа бол хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд зайлшгүй баримтаар нотлох шаардлага тулгардаг.
Хэрэв хувиараа хөдөлмөр эрхлэгч та орлогоо баримтжуулж явдаггүй бол өнөөдрөөс эхлэн дараах зөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэнээр банк санхүүгийн байгууллагын зээлд хамрагдах боломжтой болно. Ямар нэгэн хэлбэрээр орлого олдог л бол орлогоо нотлон зээлд хамрагдах боломжтой бөгөөд эрхэлдэг үйл ажиллагаатайгаа уялдуулан янз бүрийн хэлбэрээр баримт нотолгоог бүрдүүлж болно.
Орлогоо баримтжуулах эхний алхам нь тухайн иргэн өөрийн эрхэлдэг үйл ажиллагаатай холбоотой баримтаа албан ёсны болгох явдал юм. Хэрвээ дэлгүүр, лангуу эсвэл талбай түрээслэн үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ хийж, хүчинтэй хугацаагаа анзаарч, хугацаагаа сунгуулж явах ёстой. Түрээсээ дансаар төлөх, эсвэл түрээс төлсөн баримтаа хадгалах нь эргээд тухайн байршилдаа үйл ажиллагаа явуулдаг гэдгийн нотлогоо болж өгнө.
Эхний алхамаар ямар нэгэн бизнес эрхэлдэг, орлого олдог гэдгээ нотолсон бол дараагийн алхмаараа та хэдий хэмжээний зээлийг эргэн төлөх чадвартай вэ гэдгээ нотлон харуулах ёстой болж байна. Үүнийг нотлох гол арга бол дансаараа орлогоо оруулах юм. Хичнээн жижиг бизнес эрхэлдэг байсанч ихэнх иргэд картаар төлбөрөө хийдэг болсоныг анхаарах хэрэгтэй. Үүнд заавал пос машин ашиглах шаардлагагүй, сүүлийн үеийн мобайл пос болон QPay гэх мэт төлбөрийн хэрэгслүүдийг ашиглаж болно. Мобайл пос нь утсандаа холбоод ашиглаж болохоос гадна үнэ хямд овор хэмжээ ч багатай ашиглахад хялбар төхөөрөмж юм. Худалдаа эрхэлдэг хүмүүсийн хувьд худалдан авагчид нь карт, бэлэн мөнгө эсвэл интернэт банкаар шилжүүлэг хийх гэсэн 3-н төрлөөр төлбөрөө төлж байгаа. Ихэнх худалдан авагчид картаар төлбөр тооцоогоо хийж байгаа тул карт уншигч төхөөрөмж заавал ашиглах хэрэгтэй болж байна. Харин бэлэн мөнгөөр орж ирсэн орлогоо бэлэн мөнгөний машинаар дансруугаа хийж болно. Бүх худалдааны төвүүдэд орлого авдаг автомат машин байдаг учир энэ тийм ч төвөгтэй асуудал биш. Мөн шилжүүлэг хийх хүмүүсээс QPay ашиглан төлбөрөө авбал илүү хялбар, данс нэр зөрөх асуудалч гардаггүй.
Бараа татан авалтаа хар дэвтэр дээрээ хөтлөн төлбөрөө боломжтой бол дансаар хийх, татан авсан барааныхаа баримтыг огнооны дарааллаар хадгалж байвал бодит орлогыг тодорхойлоход хэрэг болно. Хэрвээ гадаадаас бараа оруулж ирдэг бол валют сольсон эсвэл захиалгын баримтаа хадгалж байхад илүүдэхгүй. Энэ нь таны ямар үнэ өртөгтэй бараа татан авчираад ямар үнээр борлуулж ямар хэмжээний ашиг олж байгааг харуулах юм.
Орлогоо баримтжуулахдаа орлого оруулдаг дансаа бусад янз бүрийн гүйлгээтэй холихгүй байх хэрэгтэй. Учир нь зарим иргэд дансаараа мөнгө оруулж гаргаад л байвал орлоготой харагдана гэсэн ойлголттой байдаг. Энэ нь маш буруу ойлголт бөгөөд тухайн орлого үндэслэлтэй байх ёстойг ойлгох хэрэгтэй. Мөн таны орлогийг эмх замбаруугүй болгож, тооцоход хүндрэл учруулсанаар бодит орлогийн хэмжээг бууруулж тооцоход хүргэнэ.
Leave a Reply