Өрхийн санхүү
“Иргэн баян бол улс баян” гэх үг байдаг. Үүний цаана хүн бүр өөрийн амьдрал ахуйдаа эзэн болж чадвал улс орны хөгжил сайн сайхан байхыг өгүүлж буй хэрэг билээ. Иргэн бүр санхүүч байдаггүй боловч өрхийн орлого зарлагаа төлөвлөх түвшинд санхүүч байхыг одоогийн нийгэм шаардаж байна.
Өрхийн санхүүг та маш энгийнээр хөтөлж болно. Хамгийн ерөнхий дүрэм нь “Таны зарлага орлогоо давахгүй байх ёстой”. Юуны өмнө танд 6 данс байх хэрэгтэй ба тус бүр өөрийн гэсэн зориулалттай бас хугацаатай байна.
- Хадгаламжийн данс – 12 сараас дээш хугацаатай
- Төсөвийн данс – 12 сарын хугацаатай
- Эрүүл мэндийн данс – Хугацаагүй
- Хүслийн данс – Төлөвлөсөн хугацаагаар
- Хандивын данс – Хугацаагүй
- Цалингийн данс -Хугацаагүй
Хадгаламжийн данс нь урт хугацааны данс байх хэрэгтэй. Энэхүү дансанд их мөнгө хуримтлуулах ёстой гэж ойлгох хэрэггүй. Энэ бол урт хугацааны данс юм. Урт хугацаанд таны өрхийн орлогоос хасагдахад мэдэгдэхүйц нөлөөлөхгүй байх хэмжээний мөнгийг хамгийн гол нь тогтмол шилжүүлэх нь чухал юм. Энэ хуримтлал их болох тусам танд магадгүй өгөөжгүй байгаа мэт санагдвал хадгаламжаа ямарч хэлбэрлүү шилжүүлж болно. Ямар ч үед энэхүү хадгаламж нь таны хөрөнгө болох юм.
Жилийн төсөв хуримтлуулах данс. Энэ данс бол сургалтын төлбөр гэх мэт жилд 1 удаа төлөгдөх ёстой төлбөрүүдийн хуримтлал үүсгэх ёстой данс юм. Таны хүүхдийн сургалтын төлбөр 5,000,000 төгрөг байлаа гэж бодоход та 416,666 төгрөгийг сар бүр хүримтлуулж байж жилийн дараа сургалтын төлбөрөө төлөх мөнгөтэй байна гэсэн үг юм. Ихэнх хүмүүс сургалтын төлбөрийн зээл авч түүнийгээ 12 сард хуваан төлдөг. Харин та өнөөдрөөс санхүүгээ төлөвлөж эхэл. Хүү охин тань сургуульд орох гэж байгаа бол жилийн өмнөөс хуримтлуулж эхэлсэнээр таны орлогоос хүүний зардал хэмнэгдэнэ шүү дээ. Энэ дансанд мөн томоохон худалдан авалт хийх гэж байгаа бол хуримтлалаа үүсгэж болох юм. Гэр ахуйн тавилга, эд хогшил солих цаг болсон бол хуримтлуулж эхлээрэй.
Эрүүл мэндийн данс. Ямарч айлд ялангуяа бага насны хүүхэдтэй айлд ханиад томуунаас эхлээд энэ хуримтлал хэрэг болохгүй байна гэж байдаггүй. Урьдчилан бэлтгэлтэй байсанаар та хадгаламж дахь мөнгөнөөсөө зарцуулах эсвэл бусдаас зээлэх шаардлага гарахгүй.
Хүслийн данс. Хүн бүрт шинэ загварийн гар утас худалдаанд гарсан даруйд авах юмсан гэсэн хүсэл төрдөг. Яагаад болохгүй гэж гар утас орчин үеийн зүй ёсны хэрэглээ шүү дээ. Үүний тулд дараагийн загвар гарч ирэхээс өмнө мөнгөө хуримтлуулж эхэлснээр таны хүсэл биелнэ. Мөн гар утсаар тогтохгүй олон хүсэл хүмүүст байдаг. Хүслээ мөн төлөвлөх хэрэгтэй.
Хандивын данс. Оюутан дүүдээ халаасны мөнгө өгөх эсвэл хэн нэгэн ойр дотны хүний хурим, төрсөн өдөр, төгсөлтийн баяр, хүүхдийн үсний найр гэх мэт зардалууд ялангуяа монголчууд бидний хувьд заавал гардаг. Энэ зардлыг ч мөн адил төлөвлөснөөр таниас гэнэтийн зардал гарахгүй гэсэн үг юм.
Цалингийн данс хамгийн чухал данс. Дээрх 4-н дансруу шилжүүлэг хийсэний дараа тухайн сард төлөх ёстой төлбөрүүдийг төлнө. Үүнд:
- Бүх зээлийн төлбөрүүд
- Түрээсийн төлбөр
- Хүүхдийн өдөр өнжүүлэх эсвэл цэцэрлэгийн төлбөр
- Ашиглалтын төлбөрүүд (СӨХ, цахилгаан, халаалт г.м)
- Утас интернетийн төлбөрүүд
Эдгээр сард 1 удаа төлөгддөг төлбөрүүдийг шилжүүлээд таны картанд үлдэж буй мөнгийг тухайн сарын өрхийн хэрэглээндээ зарцуулах ёстой болно. Картанд үлдээх мөнгөө өрхийн сарын хэрэглээндээ хүрэлцэхүйц байхаас гадна илүү зардал гаргахгүйгээр тооцох хэрэгтэй.
Энэхүү арга нь өрхийн төсөвийг хамгийн энгийнээр хөтлөх арга бөгөөд танд бүх худалдан авалтаа бичиж бүртгээд байх ч шаардлага гарахгүй учир хаана хэдэн төгрөг байршуулахаа ганц удаа тооцоод үзээрэй. Танд амжилт хүсье.
Leave a Reply