NFC технологи төлбөр тооцооны хэрэгсэл болох нь
NFC нь Near Field Communication буюу богино зайн холбоо гэсэн утгатай үгийн товчлол юм. Анх 2004 онд Nokia, Philips, Sony компаниуд хамтарч NFC-ийн стандартыг гаргаж ирсэн. Тухайн үед төдийлөн ашиглагдаагүй боловч сүүлийн үед NFC технологи хурдацтай хөгжиж, хүмүүсийн амьдралд янз бүрийн байдлаар ашиглагдаж эхлээд байна.
NFC технологи яаж ажилладгийг тайлбарлахад нарийн төвөгтэй бөгөөд маш олон талаар ашиглаж болох дэвшилтэт технологи юм. NFC технологийг ашиглаж буй хамгийн сайн шийдэл нь NFC дэмжигч төхөөрөмжтэй банкны картаар хүрэлцэлгүй төлбөр хийж байгаа явдал юм. Худалдан авалтийн төлбөрөө төлөхдөө уг төхөөрөмжтэй 10 см доторх зайнд ойртуулснаар төлбөр автоматаар хийгдэнэ. Үүнээс гадна банкны картыг NFC модул бүхий ухаалаг гар утсаараа орлуулах боломжтой юм. Apple Pay, Samsung Pay, Google Pay гэх мэт үйлчилгээнүүд аль хэдийн нэвтрээд байгаа билээ. NFC модул бүхий ухаалаг гар утсандаа төлбөрийн систем бүхий апп татан авч картын мэдээллээ нарийвчлан оруулсан байхад л банкны картаа гар утсаараа орлуулах боломжтой болж байгаа юм. Мөн ухаалаг утаснууд хоорондоо шилжүүлэг хийх ч боломжтой.
Үүнтэй зэрэгцэн аюулгүй байдлыг хангах асуудал хүмүүсийн сонирхлыг татаж байгаа бизээ. NFC технологи нь хамгаалалт гэсэн зүйл өөр дээр нь байхгүй бөгөөд технологийг нэвтрүүлж буй программ хангамжаар аюулгүй байдлыг хангах боломжтой. Төлбөр төлөх үед хэрэглэгчид дахин давтагдашгүй нэг код өгч, тэрийг дэлгүүрийн ПОС машин уншаад сервер рүү мэдээллээ дамжуулна. Тэр кодыг сервер дээр шалгаж үзээд тухайн хэрэглэгч рүү явуулсан кодтой таарч байгаа эсэхийг баталгаажуулаад цааш нь банкны систем рүү хандана. Банкны системд хандсаны дараа л хэрэглэгчийн данснаас мөнгө суутгагдаж, төлбөр хийнэ. Хамгийн гол нь энэ бүх ажиллагаа хэдхэн секундийн дотор болоод өнгөрөх учраас хэрэглэгч утсаа NFC уншигч төхөөрөмжид ойртуулахын төдийд төлбөрөө төлсөн байх аж.
NFC технологи дэлхий даяар аль хэдийн өдөр тутмын олон төрлийн хэрэглээнд нэвтэрсэн боловч Монголд төлбөр тооцооны системд саяханаас банкны карт болон утасны сим карт г.м гарч хэрэглэгдэж эхэлсэн.
Leave a Reply